Saturday, January 12, 2019

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Их хурлын гишүүдэд өгөх хоёрхон зөвлөгөө

Ард бидний эрхэм элч, өнгө нүүр царай болсон их хурлын гишүүд Та бүхэнд хандан дор дурдсан хоёр зөвлөгөөг өгч байна.Үүнд:

1.Томилгооны асуудлаар асуулт асууж, санал хэлэхдээ горилогчийн нас, хүйс, гарал үүсэл, яс үндсийг танхимд бүү зарлаж байгаач. 65-66 настай гэх мэтээр хүний хувийн онцлогийг хээв зарлаж тунхагласан бодит тохиолдол олон бий. Энэ үйлдэл тань хүнийг нас, хүйс, гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тунхагласан, тохирсон Үндсэн хуулийн үзэл санаатай яг нийцэж байгаа юм уу? Хамгийн гол нь, Үндсэн хуулийг үнэт зүйл болгон өсөж яваа хүүхдүүд Та нарын энэ авирыг хараад гайхан мэлийгээд байна. Бас багш биднийг тэд улалзуулаад байна. Хүний хувийн онцлогийг нийтэд зарлаж тунхаглах нь ер нь бол муухай, бас ичмээр үйл мөн. 

2. Та бүхэн маань тодорхой асуудал хэлэлцэж байхдаа бүр хадуураад, тас андуураад хөөрдөг энэ уламжлал мэт болчихсон болхи байдлаасаа салж, засаж Асуултанд Хариулж, АХ зарчмыг баримтлан, Тод, Товч, Тодорхой (3T) ярьж сураач. Багш бид нар хүүхдэд багаас нь асуултанд хариулдаг соёлыг бүтээх, "АХ" зарчмыг баримталж, "3Т" бодож цагтаа багтаан өөрийгөө илэрхийлж сургах гэж ядаж байхад эрхэм дээдийн үлгэр болсон Та нар маань асуултад ерөөсөө хариулахгүй, хадуураад л хөөрч байгааг хараад бага насныхан маань бүр гайхширч зогсдог болчихоод байна.Бас багш биднийг тэд бүр мэлэлзүүлээд байна. Асуултад хариулдаггүй, "АХ" зарчмыг барьдаггүй байх нь ер нь бол иргэншилгүй, бас эвгүй үйл юм.

Ард биднийхээ эрхэм дээд үлгэр болсон ардын элч Та бүхэнд ийнхүү бичсэнг минь эргэцүүлж, эргэлдүүлж үзбэл чинхүү баярлах юм. Сурах зогсоход үхэл эхэлдэг. Ийм учраас хэн ч гэсэн цаг ямагт сурч байвал зохино. Сурсан тань үйлээр чинь л харагдана.

Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Sunday, December 30, 2018

Луутай үлгэр амилах цаг дор

Луутай үлгэр амилах цаг дор

Луутай үлгэр их энгийн эхэлнэ. Бүх л баатар эрчүүд луутай гурван өдөр, гурван шөнө тэмцэж өрнөнө. Эцэстээ тэд бас нэг лут луу төрүүлж өндөрлөнө" Луутай үлгэр ийм л лут санааг үлгэрлэнэ ( Энэ талаар бичсний санааг "Amgaa Ulziikhutag"-аас авав).

Луутай үлгэр амилах цаг дор бид гэх баатрууд их хуралдаадаа элдэв "баатрууд"-ыг дээшлүүлж залах. Тэдний дунд наймаачин, панзчин, жүжигчин, дуучин, бөх гээд л лут "баатрууд" их бий. Тэд үе үе гэнэт "хулгайч хулгайчийг бариараа" гэдэг лут ший тавина.Хөөрхий бид баатрууд энэ ший жүжигт гурван өдөр биш гурван сар, гурван жил, гучин жил тэмцэж тоглоно. Гэвч нөгөө "баатрууд" гэх нь байдгаар л бахь луу мэт хэвээр байж байх. Харин тэр шийн дүнд нэг лут луу шинээр төрсөн байх.

Луутай үлгэр ингэж л манай улсад их лут амилсан байдаг юм. Хий хоосон луутай үлгэрт орж, бас нэг луу төрүүлдэг баатрууд биш харин луугүй, бодит үлгэрийн үнэн баатар, ухаалаг баатрууд бай.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Thursday, December 13, 2018

Төр барилцана гэдэг тоглоом биш

Төр барилцана гэдэг тоглоом биш

Хуулиар засаглана гэж шийдээд бид 30 жил болчихоод байна. Тэгэхээр түүнийг бид соёл, үнэт цэнэ болгох ёстой юм.

Хуулиар засаглана гэдэгт хуулинд юу гэсэн байна түүнийг барина гэсэн утга бий. Үүний эсрэг бүхэн нийгэмд хүчлэгдэхгүйгээр л шууд муухай харагддаг байх ёстой болсон байх нь хуулиар засаглах ёс үнэт зүйл болсны нотолгоо юм.

Хэрэв энэ зарчим алдагдвал тэр улсын бүх зүйл утгаа алдаж, улс гэхэд ч бүр хэцүү болно. Дахин улс байгуулахтай адил шахуу хүнд байдал ч хүрч мэднэ.

Төрийг дахин байгуулахад цаг, хөлс шаардахаас гадна хөлсөөр амьдарсагдад энэ их амаргүй байдлыг бий болно. Украйн өнөөгийн ийм нэг жишээ мөн.

Энгийн бидэнд баримтлах дүрэм, журмаас өөр юу ч үнэндээ үгүй байдаг юм л даа. Хуулиар засаглана гэдэг нь иймд энгийн иргэдийн ганц хүч, өмч, үнэ цэнэ байдаг.

Тэгэхээр хуулиар засаглах гэдгийн үнэ цэнийг хаа хаана сурталчилж таниулах их үйлсийг энэ улсад бүх түвшинд их өрнүүлэх шаардлага байгаа нь засаг барилцаж буй манай их хурлын зарим гишүүдийн авир, төрхөөс ил харагдаж байна.

Төр барилцана гэдэг иймд тоглоом биш. Харин том хариуцлага юм.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Wednesday, December 12, 2018

Хөөрсөн хөөрлөөс салж МАН-АН-д бодит шаардлага тавь

Хөөрсөн хөөрлөөс салж МАН-АН-д бодит шаардлага тавь

Бидний ганц өмч болох төр манарч самуурахад наад МАН-АН яах ч үгүй. Бүр л өтгөрнө. Төр ч үгүйрсэн, нэгтгэх үнэт зүйл ч нь хоосорвол хөөрсөн түмэн л эцэстээ их ядарна. Яг одоогийн ядуурсан, ядсан Украйнчууд шиг л болох биз.

Ийм учраас бид дээр хэлсэнчилсэн МАН, АН, хужаа, мангуу гэх мэтээр ялгарч хөөрч давхих огт хэрэггүй юм.

Харин МАН-АН хоёроос хайртай гэж уралддаг ядуурсан энэ түмэн олны төлөө хайраа үзүүлж дараах зүйлийн хийхийг нийтээрээ шаардах хэрэгтэй юм. Үүнд:

1.Утаагаар амьсгалж байгаа бүх хүнд дээд зэргийн утаа шүүгчтэй маск үнэгүй тараах.
2. Дундаж монгол хүний нэг цагийн ажлын хөлсний хэмжээг ядаж 5 долларт хүргэх.
3. ЖДҮ-гэж хийрхэж цаг цагт мөнгө угааж ирснээ больж ганц том үйлдвэр байгуулах.
4. Хуулиар засаглах гэсэн утгатай Үндсэн хуулийг бүх нийтэд сурталчлан таниулах.
5. Хуулиар засаглана гэдгийн үнэ цэнийг бүх монголчууд хариуцлага бас үүрэг болгон үзүүлэх арга хэмжээ авах.
6. Боловсролын тогтолцоог Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэх бүр эрс шинэчлэх. Боловсрол нэг талаас нийгмийг тэнцвэржүүлэх үүрэгтэй, нөгөө талаасаа, соён гэгээрүүлэх шинжтэй байдаг юм.

Ингэж байж л монголд ардчилал үнэт цэнэ болж хүн авилгалаар биш харин ажлаар, хөлсөөрөө, боловсрол, мэдлэгээр амь зууж чаддаг болох юм.

Утаанд хордож, мананд манарсан өнгөрсөн 28 жилд МАН, АН гэж хөөрснийхөө төлөө хөөрсөн түмэн утаа, манан, ядуурал, доромжлол, гадуурхал, зөрчил, хэрүүл, тэмцлээс өөр зүйлийн гэрч болж чадсан юм уу? Эргэцүүл. Шударга ёсыг олж мэдрэв үү?

МАН-АН-ийн төлөө биш харин үр хүүхдийнхээ төлөө хөөсөн, хоосон хөөрлөө зогсоож амьдралаа өөд татахад тань шууд нөлөө үзүүлэх бодит шаардлагыг тэнд байнга тавь. Бас
байнга нэх.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр

Tuesday, December 11, 2018

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт

БСШУС-ын сайдаас гуйх нээлттэй ганц гуйлт


"Монголын нийслэлийн агаар бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их. Тэнд хүн үндсэндээ амьсгалаад үхэж байна" гэж дэлхий шуугиж байна (SBS,2018). Энд үхэж байна гэж байна шүү.

Иймд ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, түр зогсоогооч. Эцэг эх бидэнд эхлээд эрүүл хүүхэд хэрэгтэй. Дараа нь боловсрол энэ тэр нь тэгэсхийгээд болно биз. Тэгээд ч хүүхэд сүлжээний 21 хичээлээр сурах гэхээс тархиараа их хохирч байгаа нь бодит байдал билээ. Одоо утааны энэ ид үед бол хүүхдүүд эрүүл мэндээрээ, уушигаараа маш их хохирч байна. Энэ утаа нь амьсгалаад л үхэх хэмжээний хортой байна. Амьсгалахгүй бол бас яах нь ойлгомжтой. Ийм л аймшигтай байдалд өөрсдийгөө хамгаалж чадахгүй хүүхдүүд маань орж яах аа мэдэхгүй ядарч, гэлдэрч, гундаж, гандаж, хүүхдээрээ өтөлж, өвдөж байна. Сайд та хүүхдүүдийг энэ хүнд байдлаас гаргахын төлөө нэг юм бодооч. Нэг сайн үйл хийгээч.

Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газар гишүүний хувьд Та амьсгалаад үхэх хэмжээнд хүртлээ хортой болсон энэ аймшгийн утааны үед ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан түр хаах шийдвэр гаргаж, хүүхэд уушигаараа үхэж буй энэ байдлыг зогсоож нэг удаа ядаж ганц сайн үйлс бүтээхийг чинхүү гуйж байна.

Биднийг монгол болгон нэгтгэж буй үнэт зүйл болсон Үндсэн хуулиар бол мал бүү хэл хүүхэд хүртэл хамгаалдах ёстой. Тэр амьд явах эрхтэй, тэрэнд тэдний ганц өмч болсон төр нь үйлчлэх ёстой.Төрийн сайд бас үйлчлэх ёстой.

Ийм өөрсдийгөө хамгаалж үл чадах хүүхдийг амьсгалаад үхэх хэмжээнд хүрсэн аюултай энэ утааны хороос хамгаалж ЕБС, цэцэрлэгийг аль болох хурдан хааж, үйл ажиллагааг түр зогсооно уу!. Өөр олигтой арга зам одоо огт харагдахгүй байна.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Monday, December 10, 2018

Их үер болоход хог новш л их ил гарч хөвдөг шиг


Үер болоход хог новш л их ил гарч хөвдөг шиг

Тэртээх 18 зуунд болсон Францын хувьсгал дэлхийг их өөрчилсөн юм. Эх дэлхийд тэр их дэвшил авчирсан. 21 дүгээр зуунд бид эх орондоо дампууруулж, хогтой нь хутгаж байгаа ардчилал, эрх чөлөөний үнэн эх тэндээс ундарсан юм.

Манай энэ цагийн ихэнхи монголчуудад хамтарч нэгдэж чаддаггүй нэг их том сул тал бий. "Та нар сайн тэмц. Ашиг гарвал бид харин хүртэнэ. Эрсдэл гарвал та ганцаараа үүрчих" гэсэн өнгөөр их ханддаг. Ийм хандлагатай түмэнд ардчилал үгүйрсэн байх. Харин тэр жижиг ашиг олз хайгчдын том хэрэгсэл төдийхөн болсон байх. Учир нь ардчилал оролцоогоор л амилдаг юм.

Дээшээ гаргасан нэг нь ходоодон сэтгэлгээтэй байх нь элбээг. Торго, дурдам, морь мал, бөх, дуу хуурь, хуас, машин гэх мэтийн ядуухан сэтгэлгээтэй дарга нар улсыг яг л энэ байдлаар ядууруулдаг. Сэтгэлгээ, хандлагын ядуурал гэж ийм юм.

Манай улсад болж байгаа аливаа тэмцэл хөдөлгөөнөөр том эрх ашгаар жижигхэн олз хайгчид оволзож гарч ирээд хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар, утга учрыг алдагдуулж, ихэнхи нь жижигхэн зорилгодоо хүрч том эрх ашгийг орхигдуулдаг. Тэр  хар даа, нөгөө баатруудыг. Шинж дээ. Их үер болоход хамгийн түрүүнд хог новш нь их ил гарч хөвдөг шиг.

Монгол хүн урвагч, шарвагч, энэ увайгүй, ядуухан, жижигхээн хандлагаа өөрчилж, том эрх ашгийнхаа төлөө том байж чадваас дэлхийд монгол дэвжинэ. Эсрэгт харин энэ улсад нөгөө хорон жижгүүд ч хүртэл эцэстээ бас үлдэхгүй.  Хандлага тань жижиг, сэтгэлгээ чинь ядуу байгаагийн горь тэр.


Том эрх ашгийнхаа төлөө бид иймд том байхад суралцах хэрэгтэй. Боловсрол ч үүнд бас чиглэх ёстой.

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Thursday, December 6, 2018

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Биднийг монгол болгон нэгтгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль бидний үнэт зүйл мөн. Хуулиар засаглана гэсэн үг.

Үндсэн хуулийн эхний мөрүүд тэгш байдал, арьс өнгө, гарал үүсэл, гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх тухай. Үүнийг багаас нь хүүхэд бүрт үнэ цэнэ болгох ёстой юм.

Австрали улсад хэрэв нэгийгээ нь арьсаар, гарлаар нь ялгах үйлдэл бүү хэл иймэрхүү утгатай үг хэлсэн бол тэр хүн харин нийгмийнхээ үнэт зүйлийн эсрэг, манайхны яриад байгаараа бол нийгмийн дайсан болох юм.

Гэтэл манайд үндсэн хуулийн энэ утга агуулга үнэ цэнэ бүү хэл,тэр бүр огт утгагүй, байхгүй ч юм шиг л дээрээ ч, доороо ч хээв нэг хэнэггүй авирлаж байдаг юм.

Гэсэн атлаа хуулиар засаглана гээд байдаг.

Үндсэн хуулийнхаа үг, үсэг өгүүлбэр бүрийг их сурталчилж, үнэ цэнэ болгомоор байна. Тэгэхгүй бол энэ улс тун удахгүй утгагүй, бүр ойлголцохгүй, бүр цаашилбал Украйн мэт болж мэдэх нь.

Бид ядаж Үндсэн хуулийнхаа хүрээнд ойлголцддог болмоор байна.

Нэгнийх нь явцуу эрх ашиг, товчхондоо, ходоод нь хөндөгдөөд ирэхээр л чанга чанга сүржин сүржин оролилдох юм.

Чанга орилсноор үнэн худал, худал үнэн болчихгүй юм, хэрэв бид ойлголцох нэгдмэл үнэт цэнэтэй, үнэт зүйлтэй бол.

Чанга чанга орилолдож нийгэмд хар уур амьсгал, хар эрчим түгээж байж биш харин тайван байж ухаалаг ярилцаж л үнэт зүйлийнхээ эрэмбээр харилцан буулт хийж ойлголцдог баймаар, уг нь. Энэ нь энэ иргэншлийн түүхэн том сургамж юмсан.

Хойч үедээ бид нэгдмэл үнэт зүйл дээр нэгссэн улсыг бат бэх өвлүүлж өгөх ёстой. Үүний тул бид монгол хүний, монгол иргэний үнэт зүйл, үнэт цэнийг эхлээд их тод болгох хэрэгтэй байна.

Биднийг монгол болгон нэгсгэх нэгдмэл үнэт зүйл ер нь юу юм вэ?

Үндсэн хууль түүний үзэл санаа, утга агуулга биш үү?

Ц.Лувсандорж

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр